Монгол хүн АНУ-д 24 хана, 290 уньтай гэр барьжээ
Чихэнд чимэгтэй
2024-01-17
АНУ-ын Небраска мужийн төв Омаха хотоос 100 орчим км зайд орших нэгэн эдлэн газарт монгол гэр урлаач Д.Дамсрайсэлнэн гэр хотхон байгуулжээ. Ингэхдээ 24 ханатай, 290 уньтай нэг гэр болон түүнийг тойруулан дөрвөн ханатай 10 гэр барьсныг "Сэлнэн" ХХК цахим хуудсандаа мэдээлсэн байна. Гэрийн мод, бүрээс, туурга гэхчлэн бүх хийцийг Монголд бүтээжээ. 24 ханатай гэрийн ханын эрс 2 метр 80 см өндөр бол унины урт нь 7 метр 60 см, тоононы диаметр нь 5 метр 60 см аж. Түүнчлэн гэрийг дөрвөн баганатай, дөрвөн зүгт харсан дөрвөн хаалгатайгаар урласан байна. "Сэлнэн" компанийн үүсгэн байгуулагч Д.Дамсрайсэлнэн нь дэлхийн хамгийн том гэрийг 2018 онд бүтээж Гиннесийн номд албан ёсоор бүртгүүлж байв. Дашрамд дурдахад Дамсрайсэлнэн нэртэй хүн Монголд цорын ганц бөгөөд нэрийнхээ талаар өнгөрсөн жил манай сурвалжлагчид ярьж байсныг энд дарж уншина уу.
1990-ээд оны эхээр Монгол дахь Энх тайвны корпусын ажилтнууд анхны таван ханатай монгол гэрийг АНУ-д аваачиж байв. Түүнээс хойш манай улсаас цөөнгүй монгол гэр АНУ-д очсон боловч Дамсрайсэлнэн гуайнх шиг ийм хэмжээтэй гэр АНУ-д барьж байгаагүй юм. Тэрбээр энэхүү гэр хотхонг нэгэн захиалагчийн хүсэлтээр монголчуудын төрт ёсны уламжлал, хүрээ маягийн суурин амьдралыг харуулсан хэлбэр агуулгатайгаар бүтээжээ. Энэ нь Монголын гэр хотхон гэдэг утгаараа АНУ-д анхдагч болж байна.
Гэрэл зургийг: "Эх Түүх" Фейсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.