images

Дамсрайсэлнэн


     Дэлхийн хамгийн том гэрийг 2018 онд бүтээж Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдсэн монгол хүнийг Д.Дамсрайсэлнэн гэдэг. Ийм нэртэй хүн Монголд одоогоор цорын ганц байна. Нэрийнхээ талаар манай сурвалжлагчид хуучилсныг нь үзвэл, түүний аав лам хүн байжээ. Хүүхэд тогтохгүй байсаар Дамсрайсэлнэн гэдэг нэр өгч байж нэг тогтоож авсан аж. Хүү нэрийнхээ учрыг сайн мэдэхгүй явсаар их олон жил өнгөрсөн байна. Тэгж явсаар одоогоос арваад жилийн өмнө нэгэн америк хүний хүсэлтээр Төвдөд хэдэн гэр аваачиж барих болжээ. 10 ханатай нэг, таван ханатай дөрөв, дөрвөн ханатай дөрвөн гэр хийж ачуулаад өөрөө эхнэрийн хамтаар араас нь очсон байна. Тэдгээр гэрийг захиалсан америк хүн Төвдийн хөдөө нутгийн ядуу айлуудад бэлэглэсэн аж. Гэр үзээгүй төвд хүмүүс монгол гэрээс адис аваад л мөргөөд байх юм гэнэ. Гэрээ эхнээс нь бариад байж байтал төвд хүмүүстэй танилцах хэрэг гараад нэрээ хэлтэл өнөө төвдүүд гэрт төдийгүй түүнд мөргөөд унасан гэнэ. “Ийм нэртэй хүнээс адис авахгүй бол болохгүй” гээд л аваад байсан гэнэ. Тэгээд учрыг нь асуутал Дамсрайсэлнэн гэдэг нь Бурханы номын нэрээр барахгүй төвдүүдийн өдөр бүр уншдаг номын тоонд ордог тийм нандин ном юм байжээ. Ялангуяа орой үдэш хүн айж цочих юм гарвал энэ номыг уншихад зүгээр болдог, их тус авралтай гэж үздэг аж. Тэгээд хүмүүсийн мөргөх нь олширсонд Дамсрайсэлнэн гуайд их эвгүй санагдаж, ичмээр ч болж “Би ер нь хүнд адис өгдөг хэн ч билээ” гээд, нэрээ хэлэхээ байсан гэнэ. Ямар ч байсан нэрнийхээ нарийн учрыг Төвдөд очиж байж ийн мэдэж авсан байна.

   Залууд нь түүний нэрийг хүмүүс тэр бүр бүтнээр нь хэлдэггүй, цээжлэхэд ч амаргүй учраас Дамсрай, эсвэл Сэлнэн л гэдэг байж. Завхан аймгийн Их-Уул сумын уугуул тэрбээр 1973 онд цэрэгт мордож Улаанбаатар хотын Амгалан дахь 012 дугаар ангид алба хаасан байна. Нэг удаа ангиараа Улсын цирк үзсэнээс хойш энэ урлагт дуртай болж хувийн хичээл зүтгэлээр илбийн эрдэмд суралцаад хожмоо хөдөө орон нутагт үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд олон жил зүтгэсэн түүхтэй хүн юм. Ингээд хөдөөгүүр тоглолтоор явж байхад хөтлөгч нь “Дуудахад хэцүү нэр юм, эвгүй ч нэр” гэж төвөгшөөхөөр үл барам аймгийн нам төрийн удирдах хүмүүс “Үнэхээр эвгүй, үзэл сурталд таарахгүй нэр юм. Солих хэрэгтэй” гэжээ. Эцгийн өгсөн нэрийг арай ч бас сольчихож чадахгүй гайхаж байгаад нэг ламаас асуутал “Солих хэрэггүй” гэж. Ингээд уул нэрээрээ явсаар шинэ цагтай золгожээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо түүний дотнын найз бөгөөд хэдэн жилийн өмнө Тайваньд мөн захиалгаар гэр барихад хамт явсан гэнэ. Тийн явахдаа Дамсрайсэлнэн гуай “Манай аав ер нь надад их хариуцлагагүй нэр өгсөн байна шүү” гэсэнд найрагч бээр “За чи ер тэгж болохгүй. Чиний нэр бол маш учиртай, онцгой нэр” гэжээ. “Бүтнээр нь амандаа хэлээд явахад, хэлсэн хүндээ маш сайн” гэж эрдэм номтой хүмүүс өгүүлж байсан нь нэг бус гэнэ. Эцгийн хайрласан нэрээс улбаалан өдий 70 шахсан насандаа ийм ийм явдалтай учирснаа Дамсрайсэлнэн гуай манай сайтад ингэж өгүүлэв. Дашрамд дурдахад, монгол гэр хийдэг түүний хувийн компанийн нэр “Сэлнэн”.    

Дэлхийн хамгийн том монгол гэрийг Гиннесийн ном дээд амжилт хэмээн нотолж олгосон батламж.