Ноос, ноолуурын компаниуд 100 тэрбум төгрөгийн зээл авчээ
Чихэнд чимэгтэй
2025-02-14
Энэ жил "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд нийт 800 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөнөөс 100 гаруй тэрбумыг нь энэ сарын 1-нээс хойш олгожээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлж буйгаар, үндэсний хэмжээний уг хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж нийт 8000 гаруй ажлын байр бий болгох юм байна. Мөн үр дүнд нь ноолуурын бүрэн боловсруулалтыг одоогийн байгаа 20-оос 40 хувь хүртэл, үйлдвэрлэлийг 1.5-2.3 их наяд төгрөг хүртэл, экспортыг 398-690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр зорьжээ. Мөн ноосны боловсруулалтыг одоогийн 25 хувиас 55 хувь хүртэл, үйлдвэрлэлийг 240-670 тэрбум төгрөг, экспортыг 52-119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, арьс, ширний боловсруулалтыг одоогийн байгаа 30-аас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57.8-900 тэрбум төгрөг, экспортыг 9.6- 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ хэмээн тооцоолжээ. “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 680 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1.5 их наяд төгрөгийн зээл олгох бөгөөд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулах юм байна. Манай улс жилд дунджаар 50 орчим мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй. Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг билээ.
Гэрэл зургийг: Ерөнхийлөгчийн тамгын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.