А.Ариунзаяа: Алтан гахай жилтнүүд 20 нас хүрснээр, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэнэ
Чихэнд чимэгтэй
2025-01-17
Монгол улсад сүүлийн таван жил дараалан төрөлт огцом буурч байгаа, мөн төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан үзүүлэлттэй байгааг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өнөөдөр байр сууриа илэрхийлсэн байна. Цахим хуудсандаа түүний бичсэнээр, төрөлт буурч байгаа хамгийн гол шалтгаан нь төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан явдал ажээ. Цаг үе өөрчлөгдөх тусам нэг эмэгтэйд ногдох төрөлт буурч байдаг бөгөөд өндөр боловсрол, ажил төрөл гээд нийгмийн нөлөөлөл бий. Манай улсын хувьд Алдарт эхийн одонгийн хоёрдугаар зэргийг дөрвөн хүүхэдтэй ээжүүдэд олгож эхэлсэн цагаас хойш энэ үзүүлэлт хэвээр явж ирсэн бол 2014 оноос хойш манай дундаж өрх гурван хүүхэдтэй байдаг болсон байна. Тэрбээр цааш нь бичихдээ "2007 оны алтан гахай жилтнүүд хоёр жилийн дараа 20 нас хүрснээр төрөх насны эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж эхэлнэ" гэжээ.
Нөхөн үржихүйн 15-49 насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог төрөлтийн нийлбэр коэффициентээр хэмждэг бөгөөд манай улсад энэ үзүүлэлт 1980 онд 6.4 байсан бол 1991 оноос огцом буурч 4, 2003-2005 онд хамгийн бага буюу хоёр коэффициентэд хүрч байжээ. Улмаар 2014 он хүртэл аажмаар өсөж, 3.1 болсон ч 2023 онд эргээд 2.7 болж буурсан байна. Сүүлийн 10 жилийн дунджаар нийт төрсөн эмэгтэйчүүдийн 78 хувийг 20-34 насныхан эзэлж байгаа бөгөөд 2024 оны урьдчилсан тооцооллоор 20-34 насны эмэгтэйчүүд 369.7 мянга болж, 2012 оноос хойш жилд дунджаар 10.2 хувиар буурчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.