Хойд Солонгос хиймэл оюуны технологи ашиглан торпедо бүтээснээ туршив
© KCNA

Хойд Солонгос хиймэл оюуны технологи ашиглан торпедо бүтээснээ туршив


   Хойд Солонгос хиймэл оюуны технологи ашигласан шинэ төрлийн, өндөр хурдны, нарийн залуурт усан доорх пуужин (торпедо) туршсанаа өнгөрөгч бямба гарагт зарлалаа. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн (KCNA) мэдээлснээр, Умард Солонгос зэвсгийн технологийн шинэчлэл амжилттай болсныг баталгаажуулах зорилгоор “Zam-2.0” нэртэй энэ зэвсгийг пүрэв гарагт харван туршсан бөгөөд нарийн үзүүлэлтүүдийг нь мэдээлээгүй байна. Туршилтыг ажигласан батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд "Тэнгисийн цэргийн хүчний бодит хөгжилд томоохон өөрчлөлт гарах ирээдүй буйг нотолсон асар том амжилт” хэмээн дүгнэснийг KCNA уламжилжээ. Торпедогийн бай илрүүлэх болон жолоодлогын функцид хиймэл оюуны технологи ашигласныг KCNA онцлоод "Түлшний ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх ба пуужингийн хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулах цөм технологийг энэ туршилтаар баталгаажууллаа" гэжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд холбогдох туршилтыг 180 гаруй удаа хийсэн болохыг уг мэдээнд мөн нэмж дурдсан байна.

   Шинжээчдийн үзэж байгаагаар, уг торпедо нь пуужингийн хөдөлгүүртэй, мөн "сүпер хурдтай" гэгдэж байгаа тул “supercavitating torpedo” ангилалд багтах бөгөөд энэ нь хошуу хэсэгтээ агаарын бөмбөлөг үүсгэн усны эсэргүүцлийг буруулснаар ердийн торпедогоос хавьгүй өндөр хурдаар явах чадвартай болсон өндөр хурдны зэвсэг юм. Ийм торпедо бүтээхээр ажиллаж буй бусад улс орнууд пуужинг усан доогуур өндөр хурдтай явж байх үед чиглүүлэх болон жолоодлогын хяналтаа тогтвортой хадгалдаг болгоход ихээхэн хүчин чармайлт тавьдаг байна.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.