Е.Пригожин юу төлөвлөж байв?
ОХУ-ын "Вагнер" хувийн цэргийн компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин Калининград руу хуурай замын коридор гаргах ажиллагааг төлөвлөж байжээ. Олон нийтэд урьд нь мэдэгдээгүй байсан энэ төлөвлөгөөний талаарх мэдээллийг тус компанийн хуульч асан Игорь Елисеев өчигдөр дэлгэсэн бөгөөд түүний хэлсэн үгийг "Telegram" сүлжээнд нийтэлсэн байна. И.Елисеевийн хэлснээр, Е.Пригожин зэвсэгт бослого гаргахыг оролдсоныхоо дараа энэ ажиллагааны талаар түүнтэй ярилцаж байжээ. Барууныхан Орос орныг хэзээ ч амар заяа үзүүлэхгүй, цэргийн тусгай ажиллагаа дууссан ч Калининград зэрэг бусад эмзэг цэгүүдэд цохилт өгнө хэмээн Е.Пригожин зовнидог байсан гэнэ. "Калининград бол манай эмзэг цэг. Тэд бүх логистик, хангамжийг хааж, цахилгаан таслан, Оросыг шинэ мөргөлдөөн, шинэ хориг арга хэмжээнд өдөөн хатгах болно. Маршийн (2023 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд Е.Пригожины удирдсан “Вагнер” компанийн хөлсний цэргүүд бослого гарган Доны Ростов хотыг авч улмаар Москва руу хөдөлсөн үйл явдлыг хэлж байна. Ред.) дараа, Калининград руу хуурай замын коридор гаргах талаар даргатай ярилцсан" хэмээн тэрбээр ярьж байсан тухай И.Елисеев мэдэгджээ.
Е.Пригожин 2023 оны зургаадугаар сарын 23-нд Оросын Батлан хамгаалах яамны эсрэг мэдэгдэл хийснийхээ дараа, хүнд техник оролцсон бүрэн зэвсэг бүхий 25 мянган цэргийн хамт Москва руу аялсан бөгөөд Оросын хэд хэдэн бүс нутгийг дамжин өнгөрөхдөө Зэвсэгт хүчний хэд хэдэн нисэх онгоц, нисдэг тэрэг, байлдааны хуягт машиныг сөнөөж, 15 цэргийн албан хаагчийг устгасан юм. 24-ний орой Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой тохиролцсоны дараа тэрбээр цуваагаа буцаан, өөрөө Беларусьт очсон бөгөөд хоёр сарын дараа ойрын хүрээний хүмүүсийн хамт онгоцны ослоор амь үрэгдсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







