Хонины ноосон бүтээгдэхүүн, аньс, чацарганыг олон улсын хүмүүнлэгийн тусламжид илгээнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-31
Швейцарын Женев хотноо энэ сарын 28-31-ний өдрүүдэд болж буй олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний 34 дүгээр бага хуралд манай улсаас Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна. Тэд олон улсад хийгдэж буй хүмүүнлэгийн ажил, санал санаачилга, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх асуудлаар санал хэлжээ. Улмаар Олон улсын улаан загалмайн хорооны Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Жак дэ Маотай уулзаж, хүмүүнлэгийн тусламжийн багцад монгол хонины ноосон бүтээгдэхүүн, аньс, чацаргана зэргийг багтаах, Зүүн хойд Азийн агуулах төвийг Монголд байгуулах боломжийн талаар санал солилцсон байна. Харин Олон улсын улаан загалмайн хороо манай улсаас олон улсын хүмүүнлэгийн үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. Мөн бага хурлаар Женевийн конвенцын гишүүн орнууд болон Улаан загалмайн үндэсний нийгэмлэгүүд хүмүүнлэгийн арга хэмжээнд дотоодын чадавх, нөөц бололцоо, манлайллыг нэмэгдүүлэх, уур амьсгалын сөрөг нөлөөллөөс иргэдийг хамгаалж, гамшгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах зэрэг тогтоолын төслүүдийг батална.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.