МОНЦАМЭ-гийн тусгай сурвалжлагч Орост ажиллавал ТАСС агентлаг дэмжинэ
Чихэнд чимэгтэй
2024-10-30
Монгол, ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлагууд өчигдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. МОНЦАМЭ агентлагийн урилгаар манай улсад айлчилж буй ТАСС агентлагийн ерөнхий захирал А.О.Кондрашов өчигдөр тус агентлагт зочилж үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааны тав дахь гэрээнд гарын үсэг зуржээ. Шинэ гэрээнд, харилцан туршлага, мэдээлэл солилцох, сэтгүүлч, сурвалжлагчдаа сургалтад хамруулах ажлыг тусгасан бөгөөд МОНЦАМЭ агентлагийн захирал Э.Содонтогос “Новости Монголии” сонины зэрэгцээ “Монголия сегодня” сэтгүүлийг орос хэлээр гаргах, орос хэлний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Харин ТАСС агентлагийн удирдлага найрсаг дотно хүлээн авсанд талархал илэрхийлээд, "Хэрэв МОНЦАМЭ агентлаг тусгай сурвалжлагчаа Москвад, эсвэл хил орчмын хотод ажиллуулахаар төлөвлөж байгаа бол бид бүрэн дэмжих болно” гэжээ. МОНЦАМЭ, ТАСС агентлагуудын хооронд хамтран ажиллах хэлэлцээрт анх Москва хотноо 1957 онд гарын үсэг зурснаас хойш 2004 оны есдүгээр сарын 22-нд, 2013 оны есдүгээр сарын 20-нд Москвад, 2024 оны гуравдугаар сарын 7-нд Токио хотноо мөн ийм хэлэлцээр байгуулж байв. 1800 гаруй ажилтантай, өдөр бүр зургаан хэлээр гурван мянга орчим мэдээ сурвалжилга бэлтгэдэг ТАСС агентлаг нь дэлхийн 112 орны 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг байна.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.