Угсраа цэнхэр автобуснууд баяртай!
Чихэнд чимэгтэй
2024-10-10
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй угсраа цэнхэр автобуснуудын ашиглалтын хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусна. Анх 2015 онд 18.7 метр урт, 38 суудал, 163 хүн тээвэрлэх багтаамжтай угсраа цэнхэр 20 автобус Беларусь улсаас авч байжээ. Өдгөө 10 дахь жилтэйгээ золгох гэж байгаа уг автобусны насжилт хэтрэхээс өмнө холбогдох байгууллагаас парк шинэчлэлт хийгээд байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр Хятадын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 31 ширхэг шинэ угсраа автобусыг явуулж эхлээд байна. Эдгээр автобуснууд “М:1-Таван шар-Офицеруудын ордон”, “М:2-Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3-Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” зэрэг иргэдийн олноор зорчдог чиглэлд явж буй. Шинэ автобус нь 18 метр урт, 125-аас дээш хүн тээвэрлэх багтаамжтай, 41 суудалтай цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Нэг цэнэглэлтээр 500 км явах боломжтой, эрчим хүчний хэмнэлттэй загвар ажээ. Нийт өндөр нь 3.19 метр бол дотоод заслын буюу таазны өндөр нь 2.29 метр, өргөн нь 2.5 метр, эргэлтийн диаметр нь багадаа 21.5 метр ажээ. Түүнчлэн агааржуулалтын систем, хяналтын камер, төлбөрийн олон төрөлт карт уншуулах боломжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.