images

Монголоос Тажикистан руу сарлагийн хөлдөөсөн үр гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-05


   ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр Узбекистаны нийслэл Ташкент хотноо "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд" дээд хэмжээний чуулганд оролцож байна. Чуулганы үеэр тэрбээр Тажикистаны Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзодатай уулзжээ. Тэд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, мал эмнэлэг, ургамал хамгаалал, ариун цэврийн шаардлагуудыг харилцан тохирох, хүнс, хөдөө аж ахуйн салбарт туршлага, мэргэжлийн шинжээч солилцох талаар ярилцжээ. Мөн Монголоос сарлаг үхрийг амьдаар нь болон хөлдөөсөн үр хөврөлийг импортлох, мал аж ахуйн уламжлалт арга туршлагаасаа хуваалцах талаар санал солилцсон байна. Сарлаг үхрийн удмын сан, үржил селекцийг сайжруулах зорилготой эдгээр ажлыг хийхийн тулд юуны өмнө хоёр улсын хооронд мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ байгуулах ёстой ажээ. Манай улс 2022 оны байдлаар 1.03 сая толгой сарлагтай байсан бол Тажикистан өнөөдөр 30 мянган сарлагтай. Манай тал чуулганыг зохион байгуулагч Узбекистаны Хөдөө аж ахуйн сайд И.Абдурахмоновтой  уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүч солилцох, БНХАУ, Киргизстан улсаар дамжуулан худалдааны коридор гаргах чиглэлд хамтарч ажиллахаар тохирчээ. Эдгээр санаачлагыг өмнө нь Монгол улсын Ерөнхийлөгчийн Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.