Энэ онд 350 шонхор шувууг соёлын зориулалтаар барих зөвшөөрөл олгожээ
Чихэнд чимэгтэй
2024-08-16
Монгол орны нутаг дэвсгэрт буй идлэг шонхор шувууны нөөцийг Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгээс 1990-ээд оны сүүлчээс нарийвчлан судалж, жил бүр тодорхой тоогоор барих зөвшөөрөл олгож эхэлсэн билээ. 2024 оны байдлаар манай оронд 10 мянга орчим шонхор байна гэж дүгнээд 350 хүртэл тооны шонхорыг соёлын зориулалтаар бариулахаар Засгийн газраас тогтоожээ. Ингэхдээ Байгаль орчны яамнаас 10 аймагт уг зөвшөөрлийг олгосноор шонхор шувуу бариулах ажил аймгуудад эхэлжээ. Нэг идлэг шонхор шувууг амьдаар барихад байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг таван хувиар тооцож, сум орон нутгийн дансанд төвлөрүүлдэг байна. Тэгвэл “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-гээр идлэг шонхор 26.1 сая төгрөг, өгөөшинд ашиглаж буй хөхөвтөр тагтаа 8900 төгрөг, монгол ногтруу 9500 төгрөгийн үнэлгээтэй ажээ. Шувуу судлаачдын дүгнэснээр идлэг шонхор зүүн Европоос эхлээд зүүн хойд Ази хүрдэг, Орос, Хятад, Монгол, Казахстан, Тува зэрэг улсыг дамнан нүүдэллэн амьдардаг бөгөөд 4-9 дүгээр сард Монголоор дайран Хятадын өмнөд нутаг хүртэл нүүдэллэдэг байна. Энэ үеэр Монголын тал хээрийн газар нутгийн онцлог, таатай нөхцлөөс хамаарч 8-9 сард барихад тохиромжтой байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.