Газар хөдлөлтийн улмаас Ф.Кишида Монголд хийх айлчлалаа цуцаллаа
Анд нөхдийн мэдээ
2024-08-09
Японы баруун өмнөд хэсэгт орших Кюшюү аралд өчигдөр 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Улмаар Номхон далайн эрэгт хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл ердийнхөөс өндөр байгааг тус улсын Цаг уурын алба анхааруулсан юм. Тэгвэл ерөнхий сайд Ф.Кишида өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Одоогоор ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар яриагүй байгаа ч газар хөдлөлтийн бэлэн байдал, харилцаа холбоо хэвийн байгаа эсэхийг баталгаажуулах хэрэгтэй. Иймд би Төв Ази болон Монголд хийхээр төлөвлөөд байсан айлчлалаа цуцлахаар шийдлээ" гэжээ. Японы ерөнхий сайд энэ сард Казахстанд айлчлахдаа, Япон болон Төв Азийн таван орны дээд хэмжээний анхны уулзалтыг зохион байгуулахаас гадна энэ сарын 9-12-нд Монгол, Узбекистан, Казахстанд айлчлахаар төлөвлөсөн юм. Номхон далайн эрэг дагуух далайн ёроолын Нанкайн хагарал нь өмнөх газар хөдлөлтүүдээс үүдэн асар их цүнами үүсгэж байжээ. Тиймээс шаардлагатай тохиолдолд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг Японы Цаг уурын албанаас зөвлөж байгаа юм байна. Мөн Японы Засгийн газраас бүс нутгийн удирдагчидтай цахимаар уулзалт хийж магадгүй гэж NHK телевиз мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.