Монголчууд Сөүлд хүүхдийн загварын долоо хоног зохион байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-08-08
Өмнөд Солонгосын Сөүл хотын Сонбүг дүүрэгт монгол хүүхдүүдийн загварын долоо хоногийг энэ сарын 20-27-ны хооронд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагаас санаачлан зохион байгуулах бол Сонбүг дүүргийн Засаг даргын тамгын газар ивээн тэтгэж байгаа юм. Загварын долоо хоногийн үеэр Өмнөд Солонгост ажилладаг 50 мянга иргэн, тэдний 8000 орчим хүүхдэд гэр бүл, хөгжил хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь тэдний гол зорилго ажээ. Мөн тус улсад өсөж торниж буй монгол хүүхдүүд, солонгос багачуудад үндэсний хувцас, өв соёлоо танилцуулна. Монголоос 5-17 насны өсвөрийн загвар өмсөгч 32 охин Өмнөд Солонгост очиж тайзнаа алхах бөгөөд тэднийг “Umodel” агентлагийн захирал, топ модель Г.Уранцэцэг удирдаж, эцэг эхчүүдийн төлөөлөл хариуцах ажээ. Мөн Өмнөд Солонгост амьдардаг гэр бүл зохион байгуулагчидтай холбоо барьж охидоо загварын тайзан дээр гаргах боломжтой. Учир нь, энэ арга хэмжээнд тэнд амьдардаг, хувцас загвар сонирхдог 30 хүүхдийг оролцуулах төлөвлөгөөтэй ажээ. Мөн Өмнөд Солонгосын өсвөрийн миссийн тэмцээний ялагч зургаан охин энэ арга хэмжээнд оролцох юм байна. Нийт охидыг гурав хоногийн хугацаанд загварын шоунд бэлтгээд наймдугаар сарын 24-нд “Дундок” эмэгтэйчүүдийн их сургуулийн загварын тайзнаа алхуулна. Бяцхан загвар өмсөгчид үндэсний хувцасны “Mongoloo kids”, “Anji Couture” брэндийн "Хязгааргүй", "Нарны хүүхдүүд", "Дөрвөн улирал" коллекц, гоёлын хувцасны “Rana kids” брэндийн хувцсыг өмсөж танилцуулах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.