Дорноговь: Япон хүүхдүүд монгол соёлтой танилцаж байна
Чихэнд чимэгтэй
2024-08-08
Япон улсын Шизүока мужийн 20 сурагч, таван багшийн хамтаар Дорноговь аймагт зочлон монгол ахуй соёлтой танилцаж байна. “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд тэдгээр сурагчдыг Дорноговь аймгийн сурагчид хүлээн авч, юуны түрүүнд монгол бичгээр унших, бичих багийн сургалт явуулжээ. Мөн монгол өв соёл, говь нутгийн онцлогоо таниулахын зэрэгцээ өөрсдөө Япон орны соёлд суралцаж байна. Солилцооны хөтөлбөр гурван өдөр үргэлжлэх бөгөөд япон багш, сурагчид малчин айлд зочлох, Хамрын хийдээр аялан говь нутгийн онцлог, түүх соёлтой танилцах, бэсрэг наадамд оролцох хөтөлбөртэй юм байна. Энэ удаагийн айлчлалаар мөн Шизүока мужийн албаны хүмүүс ирж, Дорноговь аймгийн удирдлагуудтай боловсрол, эрүүл мэнд, соёл, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт харилцаагаа өргөжүүлэх хүсэлт тавьж, санал солилцсон байна. Солилцооны хөтөлбөрийн дагуу Дорноговь аймгийн багш, сурагчид ирэх 10 дугаар сард Шизүока мужийг зорино. Дорноговь аймаг тус мужтай 2012 оноос “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж нийт 516 сурагчийг хамруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.