images

Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штаб 11 жилийн дараа Монголд айлчиллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-05


   Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга, генерал Иошида Ёосихидэ тэргүүтэй төлөөлөгчид 11 жилийн дараа Монголд албан ёсоор айлчилж байна. Өнөөдөр тэд тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүгийн хамтаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой уулзжээ. Энэ үеэрээ хоёр улсын Засгийн газар хооронд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэх хэлэлцээр”, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”, “Агаарын цэргийн батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа болон солилцооны санамж бичиг”-ийг тус тус байгуулжээ. Түүнчлэн хоёр улсын төлөөлөгчид “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийнхээ хүрээнд цэрэг, техникийн харилцаагаа шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцсан байна. Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штаб нь хуурай замын, тэнгисийн, агаарын цэрэг зэвсгийн хүчнээс бүрддэг. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Японы нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан уг зэвсэгт хүчнийг дайны дараах ихэнх хугацаанд Японы арлаас гадагш гаргахыг зөвшөөрдөггүй байжээ. Харин сүүлийн жилүүдэд олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулдаг болсноор илүү нээлттэй болсон байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.