Олон улсын нүдний мэргэжилтнүүд Монголд 9 дэх удаагаа ирлээ
Чихэнд чимэгтэй
2024-08-05
Олон улсад нүдний эмчилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажилладаг АНУ-ын цорын ганц "нисдэг" эмнэлэг Эрүүл мэндийн яамны урилгаар манай улсад 9 дэх удаагаа ирлээ. "Орбис" хэмээх тус эмнэлэг нь иж бүрэн тоноглосон “MD-10” онгоцонд байрладаг бөгөөд нүдний мэргэжилтнүүд өчигдрөөс Монголын эмч мэргэжилтнүүдэд сургалт орж эхэлсэн байна. Гурван долоо хоногийн турш үргэлжлэх сургалтын эхний долоо хоногт нь Буян-Ухаа онгоцны буудалд байрлах “MD-10” онгоцон дотор болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хиймэл нүд, VR болон лазер зэрэг долоон төрлийн сэдвээр сургалт орох ажээ. Энэ удаагийн хөтөлбөрийг ЭХЭМҮТ болон П.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаадын эмч мэргэжилтнүүд Монголын эмнэлгүүдээс санал болгосон өвчтөнүүдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх юм байна. Тус байгууллага өмнө нь найман удаа Монголд өөрийн албаны онгоцоор ирж ажиллажээ. Хамгийн сүүлд гэхэд 2018 онд Монголд ирж хүүхэд болон насанд хүрэгчдийн болор цайх өвчин, хялар, нүдний даралт, торлогийн эмгэгийн сургалт явуулж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.