Хичээлийн жилийн бүтцийг баталлаа
Чихэнд чимэгтэй
2024-07-22
УИХ-ын гишүүн П.Наранбаяр Боловсролын яамны сайдын үүрэгт ажлаа хүлээж аваад 10 хонож байна. Тэрбээр ажлаа хүлээж авснаас хойш анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор баталжээ. Энэ талаар “Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана” гээд тушаалыг сургуулиудад даруй хүргүүлэхээ мэдэгдсэн байна. Ингэснээр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлж, гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эрт хийх боломжтойг онцолжээ. Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтын цагийг тусган музей, театр үзэх, зургаан настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах гэнэ. Боловсролын сайд П.Наранбаяр нь МУИС, Японы Киотогийн их сургуульд боловсрол эзэмшсэн докторын зэрэгтэй багш, олон улс судлаач юм. Тэрбээр “Шинэ монгол” сургуульд найман жил захирлаар ажилласан бөгөөд төрийн захиргаа, олон улсын харилцаа, байгаль орчин, орчуулгын чиглэлээр эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, нийтлэлийг монгол, япон хэлээр бичиж хэвлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.