images

Дэлхийн удирдагчид монгол наадамчдад ямар мэндчилгээ дэвшүүлэв?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-13


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монгол наадамчдад Японы Эзэн хаан болон ерөнхий сайд, Словени улсын ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Хойд Солонгосын Төрийн зөвлөлийн дарга, ОХУ-ын ерөнхийлөгч зэрэг дэлхийн удирдагчид Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр хэд хэдэн улсын төрийн тэргүүд, удирдагчид Монгол улсын ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Их Британийн III Чарльз хаан

   “Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн дахинд тулгамдаж буй асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе

  Казахстаны ерөнхийлөгч К.Токаев:

   “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан танд болон танай ард иргэдэд Казахстаны иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол улс Ази тивийн нэр хүндтэй бөгөөд идэвх санаачилгатай улс болон хөгжиж байна. Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, эдийн засгаа  хөгжүүлэхэд чиглэсэн таны санал, санаачилга, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжихийн ерөөл дэвшүүлье” 

АНЭУ-ын ерөнхийлөгч Мухаммед бин Зайд Аль-Нахъяан:

    “Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, эрхэмсэг ноён танд эрүүл энх, аз жаргал, найрсаг Монгол улсын төр засаг, ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” 

Киргизийн ерөнхийлөгч С.Жапаров:

   “Бүгд найрамдах Киргиз улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Энэ баяр бол Монголын ард түмний оюун санааны арвин өвийг илэрхийлээд зогсохгүй хөгжил дэвшил, сайн сайхан байдлын урам зоригийн бэлгэдэл билээ. Манай улс Монгол улстай харилцан хүндэтгэх, дэмжих зарчимд суурилсан найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг гэдгийг тэмдэглэхэд таатай байна” 

Энэтхэгийн ерөнхийлөгч Дроупади Мурму: 

   “Энэтхэгийн Засгийн газар, ард түмэн, өөрийн нэрийн өмнөөс эрхэмсэг ноён ерөнхийлөгч танд болон Монгол улсын Засгийн газар, танай найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун баяр хүргэе. Манай хоёр улс оюун санааны хөрш бөгөөд стратегийн түншүүд билээ. Бид соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой төдийгүй ардчилал, эрх чөлөөний ижил үнэт зүйлстэй. Буддын шашны нийтлэг өв соёл нь бидний харилцааг улам бүр бэхжүүлэн бататгах гүүр болдог билээ. Харилцааны чухал төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд ихээхэн ахиц гарч байна. Таны чадварлаг удирдлага дор манай Стратегийн түншлэлийн харилцаа улам хөгжиж, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжна гэдэгт итгэлтэй байна”

Гэрэл зургийг: Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.