Улаанбаатар хот Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ
Чихэнд чимэгтэй
2024-07-09
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллаж, Баянжаргалан суман дахь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын үйл явцтай танилцлаа. Улаанбаатар хот анх удаа буюу энэ онд дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалснаас 300 тэрбумыг нь цахилгаан станцад оруулаад байгаа юм. Ингэснээр тус станцын 150 мВт хүчин чадалтай эхний блок ирэх аравдугаар сард ашиглалтад орох боломжтой болжээ. Улаанбаатар хотоос 120 км зайд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай цахилгаан станц барьж буй. Өнөөдрийн байдлаар эхний блокийн ажил 72 хувьтай үргэлжилж байна. Улмаар 10 дугаар сард ашиглалтад оруулж, хоёрдугаар блокийг 2025 оноос ашиглалтад оруулах ажээ. Ийнхүү хоёр блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орж, жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Мөн сонирхуулахад, Улаанбаатар хот 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг энэ сард зарлаж, уг станцыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. "Бөөрөлжүүтийн II блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг нөхөх боломжтой. Ингэснээр дараа дараачийн бүтээн байгуулалтыг хийхэд эрчим хүчний асуудал үүсэхгүй" хэмээн албаныхан хэлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.