images

Хятад: Тэргэнцэртэй эр 82 мянган км аялжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-05


   Хятадын Шанхай хотын иргэн, 55 настай Жан Жи зургаан жилийн хугацаанд 82 мянган км замыг тэргэнцэртэйгээ туулж аялсан талаар CCTV мэдээллээ. Хэдий булчин сулрах өвчтэй ч тэрбээр улсынхаа 450 дурсгалт газраар тойрсон байна. Жан Жи удамшлын нөлөөгөөр, 2500 хүнд нэг тохиох Чаркот-Маригийн шүдний өвчнөөр зургаан настайдаа өвдөж тэргэнцэртэй болжээ. Хэдий тийм ч багаасаа урам зоригийн түүх сонсож өссөн гэнэ. Тэрбээр энэ тухай “Аав маань Хэлэн Кэллэр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын түүхийг надад уншуулсан. Улмаар ийм төрлийн ном унших тусмаа би өөртөө итгэлтэй болж байлаа” хэмээн ярьжээ. Нас барсан ээж нь мөн ийм өвчинтэй байсан бөгөөд ээжийнх амьдралын туршлага чухал хичээл болсон тухай Жан Жи хэлжээ. Ээж нь ахлах сургуульд багшилж, Шанхай хотын шилдэг ажилтнаар гурван ч удаа шалгарсан нэгэн байсан тул амьдралд өөдрөг ханддаг болоход нь чухал нөлөө үзүүлсэн гэнэ. Тиймээс Жан Жи “Бие өвчинтэй байлаа ч оюун санаа гэрэлтэж байх учиртай” гэжээ. Тэрбээр 2017 онд эхнэрийнхээ хамт аялалд гарч, очсон газар бүрдээ зураг дарсаар 40 мянган гэрэл зурагтай болжээ. Улмаар тэр зургуудаасаа 500-г нь сонгож “Forward” гэдэг нэртэй ном болгон хэвлүүлсэн байна. Энэ тухай Жан Жи “Булчин сулрах өвчтэй болохоор зураг дарахдаа хамар, баруун гарын дунд хуруугаа ашигладаг байсан” гэжээ. Тэрбээр “Гар утсаараа авбал арай амар биш үү, эхнэрээрээ яагаад авхуулдаггүй байсан юм бэ?” гэдэг асуултад гэрэл зургийн аппаратны шагайвчаар орчныг харах дуртайгаас гадна авсан зураг нь тэр хүний илэрхийлэл болдог хэмээн хариулсан байна. Гэрэл зургийн ном, цуглуулгаа гудамжны номын санд хандивладаг тэрбээр телевизэд ярилцлага өгөхдөө “Амьдрал хэтэрхий богинохон. Бид хил хязгаараа давж өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Арван мянган миль аялж, арван мянган ном унш” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.