Алшаа аймаг “Дэлхийн ингэний сүүний нийслэл” боллоо
Өвөр Монголын Алшаа аймгийг Олон улсын тэмээний судалгаа, хөгжүүллийн нийгэмлэгийн 2026 оны бага хурлын үеэр “Дэлхийн ингэний сүүний нийслэл” хэмээн өргөмжилж, батламж хадгалуулав. Уг бага хурал Алшаа баруун хошуунд есдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд болсон юм. Анх удаа Хятадад зохион байгуулсан тус хуралд 21 улсын бизнесийн төлөөлөгч болон энэ салбарын судлаачид оролцжээ. Оролцогчид нутгийн тэмээний ферм болон ингэний сүүний үйлдвэрээр зочилж, түүхий ингэний сүүнээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гүн боловсруулж, хөлдөөх хүртэлх үйлдвэрлэлийн бүх үйл явцтай танилцсан байна. Мөн уугуул тэмээний генетикийг хадгалах, сүүний чанарын стандартыг тогтоох туршлагаас судалцгаажээ. Алшаа аймгийн ингэний сүү нь уураг, өөх тосны агууламж ихтэй аж. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын тэмээ судлалын хүрээлэн, Алшаа баруун хошууны захиргаа хамтран тэмээний үржүүлэг, судалгаа, үйлдвэрлэл, маркетингийг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Ингэхдээ ингэний сүү, тэмээний ноос, мах, гоо сайхны бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс гэсэн таван гол төрөлд 136 бүтээгдэхүүн гаргажээ. Алшаа баруун хошуу нь дангаараа 82 мянган хос бөхт тэмээтэй бөгөөд өнгөрөгч онд 15 мянган тонн ингэний сүү үйлдвэрлэсэн байна.
Эх сурвалж: "China Daily" сониноос.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







