Япончуудыг авраад өөрөө эрсэдсэн хятад эмэгтэйн ар гэрт "Шударга журам" медаль гардуулав
Анд нөхдийн мэдээ
2024-07-05
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Сүжөү хотод хутгатай этгээдүүд ээж, хүү хоёр япон руу дайрч тэднээс гадна нэгэн хятад эмэгтэйг гэмтээсэн хэрэг гарсан билээ. Ээж, хүү хоёрыг хамгаалсан 55 настай Ху Ёоунпинь хэмээх тэрхүү эмэгтэй хүнд шархадсаны улмаас нас нөгчсөн юм. Япон сургуулийн автобусанд туслахын ажил хийдэг байсан түүнд Сүжөү хотын захиргаа "Model of Righteousness" буюу “Шударга журам” медаль нэхэн олгохоор шийдэж ар гэрийнхэнд нь гардуулжээ. Ху Ёоунпиньд хүндэтгэл үзүүлэх ёслол өнгөрөгч мягмар гарагт болоход түүний гэр бүл, найз нөхөд, Сүжөү хот болон дүүргийн захиргаа, эмнэлгийн түргэн тусламжийн баг, “Шударга үнэний төлөөх Сүжөү" сан, тус хотын гадаад иргэд оролцсон байна. Энэ үеэр талийгаачийн гэр бүлийнхэн тал бүрээс эмгэнэл, төрөл бүрийн хандив хүлээн авсандаа талархал илэрхийлээд “Бид гэр бүлээрээ ярилцаад, хандив хүлээж авахгүй байхаар шийдсэн. Сайхан сэтгэлт хүмүүс бидэнд туслахыг хүсч байвал хандиваа буяны сангуудад өгнө үү” гэжээ. Япон иргэдийн амийг аварсан эмэгтэй 20 настайгаасаа хойш Сүжөү хотын нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байгаад 2020 онд гоо сайхны дэлгүүр нээсэн ч цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон тул япон сургуульд ажилд орсон байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.