“Toyota Motor” компанийн зарим ажилтан гурван өдөр амардаг болов
Анд нөхдийн мэдээ
2024-07-04
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани үйлдвэрлэлд шууд нөлөө үзүүлэхгүй ажилтнуудаа долоо хоногт гурван өдөр амраах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа бөгөөд ажлын өдөр цөөрсөн ч авах цалин нь өөрчлөгдөхгүй байхаар зохицуулжээ. Улмаар ажилчдадаа амрах өдрөө өөрөө сонгох боломж олгосноор ажиллах эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлж, туршлага, ур чадвартай ажилтнуудаа компанидаа тогтвортой ажиллуулах боломж бүрдүүлсэн байна. Ажлын цагийн шинэ тогтолцоо нэвтэрснээр өдөрт багадаа хоёр цаг ажиллахыг шаарддаг хуучин тогтолцоо халагдаж ажилтан хүсвэл нэг өдөр олон цаг ажиллаад олон өдөр амрах боломжтой болсон байна. Ингэснээр хүмүүс нийт ажиллах цагаа тэнцүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж. Дээрх шийдвэрт захиргаа, борлуулалт, нягтлан бодох, худалдан авалт хариуцсан оффисын, программ хангамж, тээврийн хэрэгслийн хөгжүүлэлт, чанарын хяналт хариуцсан ажилтнууд багтаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.