images

Бэйсболчин Оотани Шоохэйн цахим хаягтаа оруулсан данхны борлуулалт огцом нэмэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   Японы Иватэ мужийн Ошү хотод уламжлалт төмөр данх үйлдвэрлэдэг компанид дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны данхны захиалга ирэх болжээ. Учир нь, “Oitomi” компанийн эзэн “Los Angeles Dodgers” багийн бэйсболчин Оотани Шоохэйд найман талт, жижиг, хөх өнгийн төмөр данх бэлэг болгон илгээсэн байна. Харин О.Шоохэй зургийг нь авч “Баярлалаа” гэж бичээд инстаграм хаягтаа өнгөрөгч тавдугаар сарын 9-нд стори хэлбэрээр оруулжээ. Гэтэл уг стори орсноос хойш түүнийг дэмжигчид зураг дээрх данхыг олноороо захиалж эхэлсэн талаар бэлэг илгээсэн Кайто Кикүчи ярьсан байна. О.Шоохэйд өгсөн данх нь 24200 иений үнэтэй, нэг литрийн багтаамжтай, “Los Angeles Dodgers” багийн өмсгөлтэй төстэй хөх өнгөтэй байсан аж. Улмаар бэлэн байсан ижил загварын таван данх даруй зарагдаж дууссан байна. Мөн стори орсноос хойш гурван өдрийн дотор компанийн цахим дэлгүүрт 300 мянган хэрэглэгч ханджээ. Өмнө нь тус дэлгүүрт оргил ачааллын үеэр ихдээ 3000 хүн ханддаг байсан гэнэ. Үүнийг “Ohtani’s effect” буюу “Оотанигийн нөлөө” гэдэг үгээр япончууд тайлбарладаг. Учир нь, О.Шоохэй өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа уух дуртай тарагныхаа нэрийг хэлснээр борлуулалт нь долоо дахин нэмэгдэж байсан удаатай. Төмөр данх үйлдвэрлэгчийн амьдардаг Ошү хот нь бэйсболын тамирчны төрсөн нутаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.