images

Мексикийн загвар зохион бүтээгч сонгуулийн сурталчилгааны материалаар цүнх хийжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   Мексик улсын ерөнхийлөгч, депутатуудын танхимын 500, сенатын 128 гишүүнийг сонгох томоохон сонгууль энэ сарын 2-нд болж өндөрлөсөн билээ. Энэ нүсэр том сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн гудамж талбайд байршуулсан сурталчилгааны зурагт хуудсыг ашиглан тус улсын загвар зохион бүтээгч Камило Моралез цүнх хийсэн талаар "Rueters" агентлаг мэдээлэв. Тэрбээр гялгар уут, даавууны өөдөс зэрэг хаягдал материалыг дахин боловсруулж цүнх, хувцас, гоёл чимэглэл хийдэг байна. Харин энэ удаад сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын материалыг түүхий эд болгожээ. Ингэхдээ хаа сайгүй байсан зурагт хуудсыг буулган авч зураггүй цагаан хэсгийг нь хайчлан авч оёод том хэмжээтэй цүнх хийж “Rere” брэндийн дэлгүүрээрээ 100-600 песо буюу 5.44-32.63 долларын үнээр зарсан байна. Энэ тухай К.Моралез “Би шөнө нь нэг сурталчилгааны зурагт хуудас буулгаж авахад маргааш нь яг тэнд дахиад нэгийг байрлуулсан байна. Энэ сонгуулийн үе үнэхээр хоржоонтой байлаа” хэмээн ярьжээ. Тус улсын хуулиар сонгууль дууссанаас дөрөв хоногийн дараа бүх олон нийтийн газар байршуулсан бүх сурталчилгаагаа буулгах ёстой байдаг аж. Харин үр дүнд нь, зөвхөн Мехико хотод байршуулсан сурталчилгааны материал гэхэд л дангаараа 10 мянган тонн хог хаягдал болж үлдсэн гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.