“Coldplay” хамтлаг байгальд ээлтэй цомог гаргана
Анд нөхдийн мэдээ
2024-06-19
Английн “Coldplay” рок хамтлаг цахим хуудсаараа дамжуулан ирэх аравдугаар сарын 4-нд “Moon Music” нэртэй шинэ цомог гаргахаар болсноо зарлалаа. Ингэхдээ цомгоо “ecorecord” буюу байгальд ээлтэй хэмээн сурталчлав. Учир нь, шинэ цомгийн пянз, CD-г хуванцар савны хаягдлыг дахин боловсруулж хийсэн байна. Тухайлбал, нэг CD хийхэд есөн ширхэг хуванцар сав ашиглажээ. Мөн тэд олон жил хамтран ажиллаж буй "The Ocean Cleanup" төсөлтэй хамтарч гол мөрнийг цэвэрлэхэд гарсан хуванцар савыг ашиглан цомгоо үйлдвэрлүүлсэн байна. Түүнчлэн энэ нь дахин боловсруулсан материалаар хийсэн дэлхийн анхны цомог болж байгаа аж. Энэ талаар хамтлагийн ахлагч Крис Мартин “Instagram” дахь хаягаараа мэдээлсэн бөгөөд цомгийн урьдчилсан захиалгыг албан ёсны пэйж хуудсаараа авч байна. Цөөн тоогоор гаргахаар төлөвлөсөн шинэ цомгоо дэвтэр хэлбэрээр хийж гарын үсгээ зуржээ. Тус хамтлаг хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэд хэдэн кампанит ажил хийсэн туршлагатай. Тиймээс яг одоо Европт хийж буй аялан тоглолтынхоо үеэр нүүрсхүчлийн давхар исэл бага ялгаруулахыг хичээж байгаа юм. Тэд энэ зорилгодоо хүрч нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг 59 хувиар бууруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.