images

Шүд унах нь альцхаймер өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-18


   Японы Кюүшү их сургуулийн судалгааны багийнхан хүний зажлах чадвар муудах нь альцхаймер өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон талаар "Mainichi" сонин уламжлав. Тус их сургуулийн Шүдний шинжлэх ухааны төвийн профессор Яасүнори Аюүкава болон бусад судлаач 2017 оны дөрөвдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ авсан хүмүүсийн мэдээлэл дээр ажиллаж, дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ мартах өвчнийг оношлох хугацааны эсрэг дээд, доод араа хэр их шүргэлцэж байгааг харьцуулан судалжээ. Судалгааны үр дүнд, дээд, доод араа нь бүрэн шүргэлцдэг буюу зажлах чадвар сайтай хүнтэй харьцуулахад хоёр араа нь тал шүргэлцдэг бол альцхаймер өвчнөөр өвдөх эрсдэл 1.34 дахин, огт шүргэлцдэггүй бол 1.54 дахин их болохыг тогтоосон байна. Я.Аюүкавагийн хэлснээр, хүний нэг араа унахад хоол зажлах чадвар нь тал хувиар буурдаг аж. Харин бүрэн хиймэл шүд хийлгэвэл зажлах чадвар нь хэвийн хэмжээнээс 30 хүртэл хувиар буурдаг байна. Иймд судлаачид шүд унасан бол заавал хиймэл шүд хийлгэх нь зөв гэжээ. Учир нь, араа, шүд унаснаар хоол тэжээлийн боловсруулалт, тархин дахь цусны эргэлт муудахаас гадна хүмүүс үзэмжээсээ санаа зовох, сайн ярьж чадахаа болих зэрэг шалтгаанаар нийгмийн харилцаанд орохоо багасгадаг нь мартах өвчин тусахад нөлөөлдөг байж магадгүй гэж дүгнэсэн юм. Гэхдээ дээрх судалгаанд шүд унах, альцхаймер өвчин хоёрын дунд яг ямар учир шалтгааны холбоо байгааг дэлгэрэнгүй судлаагүй юм. Уг судалгааны үр дүн “Alzheimer's Disease” сэтгүүлийн 2024 оны нэгдүгээр сарын дугаарт гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.