Казахстан улс тахь сэргээн нутагшуулж байна
Анд нөхдийн мэдээ
2024-06-17
Дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу буюу тахийг Казахстаны Алтан талд сэргээн нутагшуулж байна. Одоогоос 200 гаруй жилийн өмнө Алтан талд Пржевальскийн адуу нутаглаж байгаад устаж үгүй болсон аж. Иймд Чех улсын Прагийн амьтны хүрээлэнгээс энэ сарын эхээр долоон тахийг цэргийн онгоцоор аваачжээ. Ингэхдээ Турк, Азербайжанаар дамжиж 6000 км ниссэн байна. Уг амьтан уугуул нутаг болох Төв Азидаа хамгийн сүүлд Монголд 1960-аад онд харагдсан байдаг. Тиймээс сүүлийн 30 жилд Монгол, Хятадад тахь сэргээн нутагшуулах ажлыг эрчимтэй хийж байгаа бол Казахстанд анх удаа сэргээн нутагшуулах гэж байна. Монголд Прагаас авчирсан 34 тахь өдгөө Хустайн нуруу, Хомын тал, Говийн дархан цаазат газрын Б хэсэгт нутаглаж 950 гаруй болж өсөөд байгаа юм. Иймд Прагийн амьтны хүрээлэнгийнхэн Казахстанд аваачсан тахь Монголын нэгэн адил амжилттай сайн өснө хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ. Тахь уугуул нутагтаа устсан ч гадаадад цөөн тоогоор үлдсэний учир нь, 1898-1904 онд Монголын говиос тахийн 88 унага барьж 53-ыг нь Украин, Герман улсын амьтан үржүүлгийн газар, амьтны хүрээлэнгүүдэд эсэн мэнд аваачиж өгснийх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.