images

Хойд Солонгос, Японы албаны хүмүүс Монголд нууцаар уулзсан уу?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-14


   Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонин пүрэв гарагийн дугаартаа өнгөрөгч тавдугаар сард манай улсад Хойд Солонгос, Японы албаны хүмүүс уулзсан талаар мэдээллээ. Тус сонин олон эх сурвалжийн яриаг эш татан мэдээлэхдээ "Хойд Солонгосын Тагнуулын агентлагийн гурван хүн Японы улс төрчидтэй Улаанбаатар хотын ойролцоох замд уулзсан" гэж бичжээ. Мөн нэг эх сурвалж нь талууд өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Өвөр Монголд дахин уулзсан байж магадгүй тухай сонинд ярьсан байна. Улс төрийн ажиглагчид талуудыг энэ сарын 5-нд Монголд болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал дээр уулзах байх хэмээн хүлээж байсан ч Хойд Солонгосын талаас төлөөлөгчөө илгээгээгүй ажээ. Гэхдээ Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хурлын маргааш Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх наймдугаар сарын дундуур Монголд айлчлахын хамт Хойд Солонгосын талтай уулзахаар төлөвлөснийг мэдээлсэн билээ. Тэрбээр Хойд Солонгосын талтай уулзахдаа япончуудыг хулгайлж тус улсад аваачсан тухай асуудлыг ярилцаж, амьд мэнд байгааг нь эх орондоо буцааж аваачих тухай ярина. Мөн Ф.Кишида энэ асуудлыг шийдэхэд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тусална гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин талууд Монгол, Өвөр Монголд нууцаар уулзсан эсэх талаар аль ч улсаас албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.