АНУ-ын хамгийн өндөр настай эр нас барахдаа тархиа хандивлав
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
АНУ-ын хамгийн өндөр настай эрэгтэй Морри Маркофф энэ сарын 3-нд 110 насандаа таалал төгсчээ. Тэрбээр төмөр утсаар баримал хийдэг, блог хөтөлдөг нэгэн байсан бөгөөд нас барсных нь дараа тархийг нь эрдэм шинжилгээний зорилгоор судлахыг зөвшөөрсөн тухай "The New York Post" сонин мэдээллээ. Түүний тархи судалгааны ажилд өндөр үнэ цэнтэй болохыг “Тархины донор” төслийн удирдагч Тиш Хэвэл хэлжээ. Мөн тэрбээр “Таван хүн тутмын нэг нь нас ахих тусмаа олон өвчин, эмгэгтэй болдог. Ноён М.Маркоффын эдээс бид эрүүл саруул өндөр наслах тухай олон зүйл судалж мэднэ. Энэ бол бидэнд өгсөн гайхалтай бэлэг” гэсэн байна. М.Маркофф нь Оросоос цагаачлан АНУ-д очсон еврей гэр бүлд Дэлхийн I дайн эхлэхээс зургаан сарын өмнө буюу 1914 оны нэгдүгээр сарын 11-нд мэндэлжээ. Түүний эхнэр 103 наслаад 2019 онд нас барсан бөгөөд тэд 81 жил хамт амьдарсан гэнэ. Нас дээр гарсан ч тэд өдөр бүр хөтлөлцөөд гадуур алхдаг, хөдөлгөөнтэй хүмүүс байсныг охин нь дурсан ярьжээ. Мөн аав нь бусдын л адил жирийн хооллож, хааяадаа архи уудаг, зөвхөн хуванцар саванд ус уухаас татгалздаг байсныг нь ярьсан байна. Тэрээр "Хуванцар сав бол хор" гэдэг байжээ. М.Маркофф нь энэ оны нэгдүгээр сард АНУ-ын хамгийн өндөр настай эрэгтэй Францис Зоуен 113 насандаа таалал төгссөний дараа тус улсын хамгийн өндөр настай эрээр тодорсон байна. “Gerontology Research Group” судалгааны төвийн мэдээллээр дэлхий даяар 110 ба түүнээс дээш настай 150 хүн амьдарч байгаа аж. Харин Гиннесийн дээд амжилтын хорооноос мэдээлснээр дэлхий дээрх хамгийн өндөр настай эр нь өнгөрөгч дөрөвдүгээр сард 111 нас хүрсэн Английн иргэн Алфрэд Тиннисвүүд гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.