Эверэстэд анх удаа хүргэлтийн дроны туршилт амжилттай хийжээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-10
Хятадын DJI компани Балбын талаас Эверэстэд хүргэлтийн дрон хөөргөх анхны туршилтаа амжилттай хийснээ ням гарагт зарлалаа. Тодруулбал, тэд өнгөрөгч дөрөвдүгээр сард “DJI FlyCart 30” дроноор 5364 метрийн өндөр дэх үндсэн отогоос 6000 метрийн өндөр дэх нэгдүгээр отог руу гурван савтай хүчилтөрөгч, 1.5 кг ачаа хүргэж, буухдаа хог хаягдал зөөсөн байна. Энэ туршилтын үед дрон 6,191.8 метрийн өндөрт ниссэн бөгөөд уг дрон 6000 метрийн өндөрт нийт 15 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Мөн хоёр зогсоолын хооронд нисээд буцаж ирэхэд ердөө 12 минутын хугацаа зарцуулжээ. Уг зогсоол хооронд Хумбу мөсөн гол байдаг нь хамгийн аюултай хэсэг тул DJI компанийн зүгээс хүргэлтийн дрон нь ширваа нарын ажлыг хөнгөвчлөх, уг мөсөн голд амиа алдахаас сэргийлэх зорилготой гэв. Уламжлал ёсоор орон нутгийн ширваа буюу уулын хөтөч хүмүүс уулчдад хангамж аваачиж өгөх, тэдний хогийг цэвэрлэх үүрэг хүлээдэг байна. Тиймээс ширваа нар Эверэстийн оргилд авирах боломжит хугацаанд хүчилтөрөгч, байгалийн хий, майхан, олс, хоол хүнс зөөж Хумбу мөсөн голыг дор хаяж 30 удаа гэтлэх шаардлагатай нүүр тулдаг ажээ. Иймд дроноор хүрээлэн буй орчныг хамгаалах, яаралтай аврах тусламж үзүүлэх, өндөр ууланд авирахад туслах боломжтой гэдгийг дээрх туршилт харуулсан байна. Энэ талаар DJI компанийн стратегийн захирал Кристина Жан “Тоног төхөөрөмж, хангамж, хог хаягдлыг дроноор аюулгүй тээвэрлэснээр Эверэстийн оргилд гарах логистикт хувьсгал хийж, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хөнгөвчилж, хүмүүсийн аюулгүй байдлыг сайжруулах боломжтой" гэжээ. Дээрх туршилтын дараа буюу тавдугаар сарын 22-ноос эхлэн Балбын дроны оператор компани энгийн хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.