images

Теннисчин Ига Швёнтэк Францын нээлттэй тэмцээнд гурав дахь жилдээ дараалан түрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   “Forbes” сэтгүүлээс өнгөрөгч оны 12 дугаар сард дэлхийн хамгийн өндөр орлоготой 20 эмэгтэй тамирчныг танилцуулахад 23.9 сая долларын орлоготой Польшийн теннисчин, 22 настай Ига Швёнтэк тэргүүлж байсан юм. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт 23 насанд хүрсэн, дэлхийн чансааны хамгийн эхэнд эрэмбэлэгддэг теннисчин бүсгүй бямба гарагт болсон Францын нээлттэй тэмцээнд гурав дахь жилдээ дараалан түрүүллээ. Энэ нь түүний Их дуулга тэмцээний тав дахь түрүү болов. Тэмцээний дараа И.Швёнтэк хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн хэдэн долоо хоног надад маш олон хүнд хэцүү зүйл тохиолдсон. Би гэр бүлийнхэндээ, багийнхандаа талархлаа илэрхийлмээр байна” хэмээн нулимстай өгүүлжээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансааг нэгэн үе тэргүүлж байсан Наоми Осака, чансааны 12 дугаарт бичигддэг Италийн тамирчин зэрэг чанга өрсөлдөгчдөө илт давуу хожсон юм. Мөн Францын нээлттэй тэмцээнд гурван жил дараалан түрүүлсэн түүхэн дэх гурав дахь эмэгтэй тамирчин болсон байна. Түүний өмнө теннисчин Моника Сэлэз 1990-1992, Жастин Хэнин 2005-2007 онд дараалан түрүүлжээ. Сонирхуулахад, И.Швёнтэк он гарснаас хойш оролцож амжилт гаргасан тэмцээнүүдээсээ 3.6 сая еврогийн шагнал авсан байна. Харин замналынхаа туршид оролцсон нийт тэмцээнээсээ 24.1 сая еврогийн шагнал хүртжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.