Япончууд модоор хиймэл дагуул бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-30
Японы судлаачид дэлхийн анхны модон хиймэл дагуулыг амжилттай бүтээснээ өнгөрөгч мягмар гарагт зарлалаа. “LignoSat" гэж нэрлэсэн уг хиймэл дагуулыг ирэх есдүгээр сард АНУ-ын “SpaceX” компанийн зөөгч пуужингаар сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. Нэр нь ligno буюу мод гэсэн утгатай угтвар, sat буюу хиймэл дагуул гэдэг үгийн язгуураас бүтжээ. Хиймэл дагуулыг Киото их сургуулийн эрдэмтэд “Sumitomo Forestry” компанитай хамтран дөрвөн жилийн хугацаанд зохион бүтээсэн байна. Хямд өртөгтэй, байгальд ээлтэй сансрын технологийг хөгжүүлэхийг зорьж буй учир модоор хийжээ. Зохион бүтээгчид хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр “Мод үйлдвэрлэл болон сансрын салбарт маш үнэ цэнтэй алхам боллоо” гэж ярьсан байна. Хааш хаашаа 10 см хэмжээтэй, куб хэлбэрийн “LignoSat” хиймэл дагуулыг 4-5.5 мм нимгэн замбага модон хавтангаар хийж, хүрээ хэсгийг нь хөнгөн цагаанаар бүржээ. Мөн нарны жижиг хавтан суурилуулснаар нийт жин нь нэг кг болсон байна. Японы модон урлалын уламжлалт аргыг ашиглан ямар ч цавуу, наалдамхай бодис ашиглалгүйгээр бүтээсэн хиймэл дагуулыг Олон улсын сансрын станц руу хөөргөсний дараа тойрог замын лабораторид нэг сар ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.