Нэг настай зураач хүү Гиннесийн номд оров
Анд нөхдийн мэдээ
2024-05-24
Гана улсын иргэн Чантэллэ Күүкүа Эган нэг нас, 152 хоногтой хүүгийнхээ урлагийн авьяасыг хөгжүүлсээр дэлхийн хамгийн залуу зураач болгов. Тэрбээр хүүгээ зургаан сартай байхад зурах авьяастайг нь мэдэж, гэрийнхээ шалаар хаа сайгүй зотон, будаг тарааж авьяасыг нь хөгжүүлэхэд анхаарчээ. Улмаар Гиннесийн амжилтын номд бүртгүүлэхээр шийдэж өнгөрсөн оны сүүлчээр хүсэлтээ өгсөн байна. Ингэхийн тулд хүү нь мэргэжлийн уран зургийн стандартад нийцэх зургууд өөрөө зурснаа нотолж, мэргэжлийн уран зураачдын үзэсгэлэнд оролцож, уран бүтээлээ худалдах шаардлагыг хангах ёстой болжээ. Тиймээс хүүгийн анхны үзэсгэлэнг Гана улсын нийслэл Аккра хотын Шинжлэх ухаан технологийн музейд өнгөрөгч оны 12 дугаар сараас энэ оны нэгдүгээр сарын эхэн хүртэл дэлгэсэн аж. Үзэсгэлэнд тавьсан 10 зургийн ес нь зарагдсанаар хүүг таван сарын дараа албан ёсоор "Дэлхийн хамгийн залуу эрэгтэй уран зураач" хэмээн баталгаажуулсан хариуг өнгөрөгч даваа гарагт хүлээн авсан байна. Энэ талаар Ч.Эган “Хүү маань ямар өнгө хоорондоо сайхан зохицдогийг сайн мэддэг” хэмээн BBC телевизэд ярьжээ. Хүү үргэлж тод өнгө сонгон хөдөлгөөн бүхий хийсвэр зураг акрилик будгаар зурдаг аж. Ирэх долоодугаар сард хоёр нас хүрэх Э.Анрах хүү хэдийнэ 15 зургаа худалдаж, хувийн урлантай болсон юм. Мөн удахгүй түүний уран зургийн анхны дуудлага худалдаа болох гэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.