images

27 улсын 900 гаруй бөө мөргөлтөн Хүй долоо худагт цуглана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-24


   Монгол улс дэлхийн бөөгийн “Тэнгэр” наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байна. Хоёр дахь удаагаа болж буй энэ наадмын хүрээнд Дэлхийн бөөгийн эрдэм шинжилгээний хурлыг "Чингис хаан" музейн хурлын танхимд өнөөдөр хийжээ. Соёл, шашны аялал жуулчлалыг дэлгэрүүлэх замаар олон улсын жуулчдыг татах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, нүүдэлчин угсаатны уламжлалт ёс заншилтай салшгүй бөөгийн ёс заншил, зан үйлийг олон улсад сурталчлах нь энэ арга хэмжээний зорилго юм. Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бөө судлаач, эрдэмтэд өөрсдийн ёс, зан заншил, түүх, өв соёл, мэдлэг туршлага, судалгааны ажил болон бөө, тэнгэр шүтлэгийн үүсэл хөгжил, ач холбогдлын талаар хэлэлцүүлж байна. Наадамд оролцохоор Өмнөд Солонгос, Франц, Польш, АНУ, Канад, ОХУ, Хятад, Япон, Солонгос зэрэг 27 улсын 900 гаруй бөө мөргөлтөн Улаанбаатар хотноо цуглараад байгаа юм. Арга хэмжээний үеэр нарны тахилга, бөөгийн туг сүлд залах ёслол, дэлхийн амар амгалангийн төлөөх бөөгийн зан үйл, галын тахилга хийж, гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид бөөгийн зан үйл үзүүлнэ. Мөн ирсэн үзэгч, оролцогч гадаад, дотоодын бөө нарт зориулан язгуур урлагийн тоглолт, шувуучлахуй, морин харваа, цирк, шүхрийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцах отгуудаар зочлох, морь, тэмээ, цаа буга, үхэр тэрэг унах, олон үндэстний хоолны өргөө, нум сум харвах, шагай наадгай зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.