60 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлж 90 насандаа сансарт нисчээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-23
АНУ-ын Дэнвер хотын иргэн, 90 настай Эд Дуайт сансарт нислээ. Жефф Безосын “The Blue Origin” сансрын аяллын компанийн хөлөгт АНУ, Францын таван бизнесмэний хамт сууж ниссэн тэрбээр сансарт арван минут болжээ. Э.Дуайт 1961 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж байхдаа ерөнхийлөгч Жон Кэннэдийн сонголтоор сансарт нисэх хүмүүсийн шалгаруулалтад нэр дэвшсэн анхны хар арьст хүн болж байв. Гэвч НАСА 1963 онд эцсийн сонголт хийхдээ түүнийг аваагүй бөгөөд 1978 оноос л хар арьст хүмүүсийг сансрын нисгэгчээр сонгодог болсон юм. Иймд Э.Дуайт сансарт гарах мөрөөдлөө 60 жилийн дараа биелүүлсэн нь энэ болов. Дэнверт уран барималчаар ажилладаг түүнд Ж.Безосын зохион байгуулдаг аялалд оролцоход төлөх их мөнгө байгаагүй ч “Space for Humanity” ашгийн бус байгууллага тасалбар авахад нь тусалж ивээн тэтгэсэн байна. Ийнхүү Э.Дуайт “The Blue Origin” сансрын хөлгийн долоо дахь нислэгээр амжилттай хөөрчээ. Түүний өмнө 2021 онд “Star Trek” киноны жүжигчин Уильяам Шатнэр 90 насандаа энэ аяллаар сансарт гарсан. Гэхдээ У.Шатнэрийн тухайн үеийн наснаас хоёр сараар ах Э.Дуайт түүхэнд хамгийн өндөр настайдаа сансарт ниссэн хүн боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.