70 настай хятад эрдэмтэн Эверэстэд амжилттай авирлаа
Анд нөхдийн мэдээ
2024-05-23
Хятадын BGI группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, 70 настай Ван Жян тавдугаар сарын 21-нд өөрийн улсынхаа талаас Эверэстийн оргилд амжилттай авирчээ. Ингэснээр тэр дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан өмнөд хөршийн хамгийн өндөр настай хүн болоод зогсохгүй түүний удирдсан шинжлэх ухааны судалгааны багийнхан хэт авиан төхөөрөмж ашиглан ноён оргил дээрээс дэлхийн анхны хэт авиан зургийг дарлаа. Ван Жян хоёр дахь удаагаа 8848 метрийн өндөрт амжилттай гарсан нь энэ ажээ. Өмнө нь 2010 онд авирч судалгаа хийсэн бол энэ удаа хэт өндөрт хүний биеийн дасан зохицох чадвар ямар байдгийг судлахыг зорьсон байна. Түүний компани Хималайн нурууны 5200 метрийн өндөрт байрлах үндсэн зогсоолд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд судалгааны лаборатори байгуулжээ. BGI компанийн судлаачид дэлхийн хамгийн өндөр цэгт, далайн хамгийн гүн ёроолд хүний бие хэрхэн өөрчлөгдөж, дасан зохицдогийг судлан амьдралын шинжлэх ухааныг хөгжүүлэх том зорилготой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.