Өвөр Монгол: Цөлжилттэй тэмцэхээр долоогонын мод тарьжээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-22
Өвөр Монголын Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошуунд цөлжилттэй тэмцэхийн тулд ургуулсан долоогоны модод цэцэглэжээ. Хорчины элсэрхэг нутгийн зүүн өмнөд хэсэгт орших энэ хошууны нутаг экологийн тэнцвэргүй байдлын улмаас 80 хувь цөлжөөд байгаа юм. Тиймээс экосистемийг нөхөн сэргээхэд хамгийн нөлөөтэй арга бол нутгийн модыг ургуулах явдал гэж үзсэнээр хүйтэнд тэсвэртэй долоогоно жимсний мод тарьсан байна. Ингэснээр элсэрхэг газарт байгалийн жамаар, өмнөхийн адил ургамал, мод, бут сөөг зэрэгцэн ургах нөхцөл дахин бүрддэг байна. Мөн тус хошуунд монгол нарс зэрэг мод ихээр тарихын хажуугаар мал бэлчээхийг хоригложээ. Улмаар 2030 он гэхэд Хорчины элсэрхэг нутгийн 85 хувьд экосистемийн тэнцвэрийг хангаж, цөлжилтийг хяналтдаа авах төлөвлөгөөтэй байгаа аж. Сонирхуулахад, долоогонын мод нь тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр анхилам үнэрт, жижиг цагаан цэцэг гаргах бөгөөд чихэрлэг амттай, бөөрөнхий, улаан өнгийн жимс нь намар боловсордог. Долоогонын жимс, цэцгийг нь дэлхий дахинаа анагаах ухаан, эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.