Лондон: III Чарльз хааны анхны хөрөг зургийг танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2024-05-17
Бакингэмийн ордноос III Чарльз хаан угсаа залгамжилснаас хойшх анхны албан ёсны хөрөг зургийг Лондон дахь “Philip Mould” галерейд олон нийтэд үзүүлж эхэллээ. Уэльсийн харуулын цэргийн улаан дүрэмт хувцастай уг хөргийг хааны бодит хэмжээнээс нэлээд томоор зуржээ. Тосон будгаар нэлэнхүйд нь улаан өнгөтэйгөөр, нэг гартаа сэлэм атгаж, нэг мөрөн дээр нь эрвээхий суусан зохиомжтой энэ хөрөг өндрөөшөө 263, өргөөшөө 202 см аж. Хөргийг зурсан Жонатан Ёо "Урлагийн түүхэнд эрвээхэй нь хувирах, дахин төрөхийг бэлгэддэг" гэж тайлбарлажээ. Тиймээс энэ зохиомж хаан ширээнд суугаад удаагүй, амьдралынхаа ихэнх цаг хугацааг байгаль хамгаалахад зарцуулсан III Чарльз хаанд тохирно гэж үзсэн байна. Тэрбээр уг хөргийг 2021 оны зургаадугаар сард буюу Уэльсийн ханхүү байх үед нь зурж эхэлсэн аж. Энэ хугацаанд Чарльз хаан дөрвөн удаа өөрөө сууж зуруулснаас хамгийн сүүлийнх нь 2023 оны 11 дүгээр сард байжээ. Зургийг “Philip Mould” галерейд зургаадугаар сарын 14 хүртэл олон нийтэд үзүүлнэ. Их Британийн хаадын хөрөг зургийг хэдэн зууны турш цуглуулж ирсэн "Drapers' Company" уг зургийг Лондон дахь өөрийн эзэмшлийн "Drapers' Hall" танхимд наймдугаар сард байрлуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.