images

Пакистан: Карачи хотод Монголын Өргөмжит консулын газар нээгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-10


   Исламын бүгд найрамдах Пакистан улсын хамгийн том хот Карачид Монголын Өргөмжит консулын газар нээгдлээ. Нээлтийн ёслолд БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Л.Мөнхтүшиг оролцжээ. Нээлт болсны маргааш өдөр Пакистаны Урлагийн зөвлөлийн концертын танхимд Монголын үндэсний урлагийн “Эртний цуурай” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан байна. Энэ тоглолт хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсад анх удаа болж буй урлаг соёлын арга хэмжээ юм. Тоглолтыг 400 гаруй хүн үзэж, Пакистаны томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжилжээ. “Эртний цуурай” хамтлаг тус улсад байх хугацаандаа орон нутгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсон байна. Пакистан улс дахь Монголын Өргөмжит консулаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Herbion Naturals" компанийн ерөнхий захирал Надийм Халид томилогджээ. Тэрбээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын үндэсний соёл урлагийг Пакистан улсад сурталчлах чиглэлээр ажиллана. Монгол, Пакистан улс 1962 оны гуравдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсын хэргийг Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ хамаардаг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.