images

Төвөд эмэгтэй анх удаа Хятадын армийн сөнөөгч онгоцны нисгэгч болох гэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-23


   Төвөд эмэгтэй анх удаа Хятадын ардын чөлөөлөх армийн сөнөөгч онгоцны нисгэгч болох гэж байгаа талаар “China Daily” тэргүүтэй сонинд мэдээлжээ. Өмнө нь тус армид усан онгоц, танк, пуужин удирддаг төвөд эмэгтэйчүүд байсан ч нисгэгч болж байгаа нь анхных гэнэ. Нисгэгч болж буй Галсан Балдан гэх 23 настай бүсгүй Төвөдийн өөртөө засах орны Лоха хотод 2000 оны тавдугаар сард төржээ. Тэрбээр 2017 онд Бээжингийн төвөд дунд сургуулийн сурагч байхдаа Агаарын нисэх хүчний их сургуульд нисгэгч бэлтгэдэг тухай олж сонссон байна. Ингээд охин зэвсэгт хүчний нисгэгч болохыг мөрөөдөх болсон ч жирийн нэг охинд хэтэрхий холын мөрөөдөл хэмээн боджээ. Гэтэл нэг өдөр Хятадын анхны хоёр сансрын нисгэгч болох Лю Янь, Ван Япинь нарыг зурагтаар хараад тэр бодлоо өөрчилсөн тухайгаа “Би тэдэн шиг ухаалаг, догь болохыг хүссэн” гэж ярьсан байна. Ийнхүү түүний амьдралд эмэгтэй сансрын нисгэгчдийн түүх нөлөөлж, ирээдүйн хүсэл зорилгоо тодорхойлоход түлхэц болсон аж. Мөн Агаарын нисэх хүчний их сургуулийн тухай сонссоноосоо хойш хоёр жилийн дараа тус сургууль элсэлт авч байгааг багшийнхаа зараас олж мэдсэнээр сэтгэл нь хөөрсөн охин зөвшөөрөл, дэмжлэг авахаар аав, ээж дээрээ хурдхан очжээ. Харьж очиход аав нь хориглох зүйл юу ч байхгүйг хэлснээр элсэлтийн шалгалтад бэлдэж эхэлжээ. Ингээд бүх Хятадын мужуудаас ирсэн 200 гаруй охинтой хамт шалгалт өгч Жилин мужийн Чанчун хотын Агаарын нисэх хүчний их сургуульд тэнцсэн 40 оюутны нэг болсон байна. Мөн тэр Үндэсний элсэлтийн ерөнхий шалгалтдаа ч өндөр оноо авчээ. Ийнхүү Галсан Балдан 2019 онд зэвсэгт хүчний нисгэгчээр сурч буй анхны төвөд эмэгтэй болсон юм. Тэрбээр сонгосон мэргэжлээрээ хичээнгүйлэн суралцаад саяхан бие даан ганцаар сөнөөгч онгоцоор нислэг үйлдэх туршилтаа амжилттай давсан байна. Галдан Балсан энэ тухай “Саяхан бие даасан туршилтын нислэгээ амжилттай хийсэн болохоор зорьсондоо хүрч жинхэнэ нисгэгч болоход ойртлоо” хэмээжээ. Хятадын ардын чөлөөлөх армид 1951 онд анхны эмэгтэй нисгэгч элссэн байна. Түүнээс хойш олон зуун эмэгтэйчүүд армид алба хаажээ. Харин Төвөдийн нисгэгчид 1970-аад оны дунд үеэс Хятадын зэвсэгт хүчний нэг хэсэг болсон бөгөөд бүх нисгэгчид нь эрэгтэй байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.