images

Монгол, Өмнөд Солонгосын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөд Солонгос улсад энэ сарын эхээр айлчлахдаа хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан тухай "The Diplomat" сэтгүүл мэдээллээ. Ингэхдээ Өмнөд Солонгосын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг Монголд оруулж ирэн хөгжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд томоохон корпорацуудын хамтын ажиллагаанаас эхлэн хөгжүүлэх тухай санаачилга гаргажээ. Уулзалтын үеэр тус улсын Ерөнхий сайд Хан Док Сү 2023 онд Монгол руу аялсан солонгосчууд 60 хувиар өссөнийг онцолж, цаашид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Манай улс “Монголд зочлох жил” кампанит ажил, “GoMongolia” санаачлагыг зарлан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа билээ. Иймээс энэ санаачилгыг Өмнөд Солонгосын бүтээлч салбарыг Монголын зах зээлд оруулах замаар хэрэгжүүлэх аж. Мөн манай улсад солонгосчууд 90 хоног визгүй зорчиж, татваргүй худалдаа хийх боломжтой.

   Манай хоёр улс 2021 онд стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Иймд Өмнөд Солонгосоос энэ өвлийн зудад өртсөн малчдад 200 сая доллар хандивласан юм. Хоёр улс стратегийн түншлэлийн харилцаатай болохоос өмнө 1990-2017 онд хоорондын худалдаа хоёр саяас 200 сая доллар болж өсжээ. Иймд хоёр улсын Засгийн газар хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжин эдийн засгаа өсгөх зорилготой байна. Өмнөд Солонгост Монголын 40 мянга гаруй иргэн ажиллаж, сурдаг бол 3500 солонгос иргэн манай улсад амьдардаг ажээ. Мөн Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай 1500 орчим бизнес Монголд үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: “The Diplomat” сэтгүүл.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.