images

Монгол тамирчид Азийн аваргад оролцох эрхээ авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-15


    22 хүртэлх насны Монголын залуучуудын боксын улсын аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй хоёр, эрэгтэй зургаан жингийн ангиллаар болж өндөрлөлөө. Тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-д С.Биндэръяа, 54 кг-д Ч.Ариунзул нар түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн 51 кг-д А.Баттулга, 57 кг-д Д.Ганболд 60 кг-д Г.Ган-Эрдэнэ, 63.5 кг-д Д.Пүрэвдорж, 67 кг-д А.Жандос, 71 кг-д С.Жавхланбаяр нар тус тус аваргаллаа. Ингэснээр тус тамирчид Тайланд болон Казахстанд болох ASBC U22, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсныг Азийн боксын холбооноос мэдээлэв. Манай тамирчдаас С.Биндэръяа 2023 оны сонгомол УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Казахстанд болсон цомын тэмцээнд мөн оролцсон билээ. Тэрбээр энэ удаа Зүүн Азийн залуучуудын наадмын мөнгөн медальт тамирчин Б.Саруултай финалд барилдаж ялснаар Азийн аваргын эмэгтэйчүүдийн доод жинд (48 кг) Монгол улсаа төлөөлөн оролцох юм. Харин Ч.Ариунзул нь өнгөрсөн жил залуучуудын шигшээ багт багтан олон улсын тэмцээнд мөн хэд хэдэн удаа оролцсон туршлагатай тамирчин билээ. Эрэгтэйчүүдээс А.Баттулга нь Монголын элитүүдийн УАШТ-ий мөнгөн медальт, 2023 онд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд энэ удаа 51 кг-ын жинд Л.Даваадоржийг буулгаж авснаар аварга болсон юм. Түүнчлэн Ази тивийн хүрэл медальт Д.Ганболд нь эрэгтэйчүүдийн 57 кг жингийн сонгомол улсын аварга бөгөөд энэ удаа Х.Отгонсүхийг ялснаар аварга авчээ. А.Жандос 2023 онд болсон Монголын элитүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин бөгөөд хоёр жилийн өмнө Ташкент хотноо болсон 22 хүртэлх насны боксын ААШТ-д мөн ийм амжилт үзүүлж байсан юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.