Өөрийн хөдөлмөрөөр дэлхийн хамгийн баян эмэгтэй болсон Р.Апонте гэж хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2024-04-12
“Forbes” сэтгүүлийн 2024 оны тэрбумтнуудын жагсаалтын 48 дугаарт 33 тэрбум долларын хөрөнгөтэй Швейцар-Италийн хөлөг онгоцны тээврийн магнат Рафаэла Апонте-Диамант оржээ. Өдгөө 79 настай, “Mediterranean Shipping Company” компанийн эзэн тэрбээр дэлхийн тэрбумтан эмэгтэйчүүдээс долоодугаарт жагссан байна. Гэхдээ өмнөх зургаагаасаа ялгаатай нь тэрбээр өөрийн хүчээр хөрөнгөжсөн хүн юм. Рафаэла компаниа нөхөр Жанлужиги Апонтегийн хамтаар 1970 онд үүсгэн байгуулсан бөгөөд одоо нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг. Швейцарт израиль банкирын охин болж төрсөн Рафаэла 1960-аад онд Капри аралд завиар аялахдаа нөхөртэйгөө танилцжээ. Тухайн үед нөхөр нь төрсөн тосгоныхоо ойролцоо жуулчдын хөлөг онгоцны ахмадаар ажилладаг байв. Удалгүй Жанлужиги Женевт ирж Швейцарын банкны брокер болжээ. Ингээд 1970 онд ажлаасаа гарч, эхнэртэйгээ 200 мянган долларын зээл аван ачааны жижиг хөлөг онгоц авснаар энэ бизнест хөл тавьсан түүхтэй. MSC компани анх Европоос Африк руу тээвэр хийж байжээ. Харин 2010-аад оноос Газар дундын тэнгист зорчигч тээвэрлэдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Тэдний хөрөнгө өнгөрсөн жил тус бүр 31.2 тэрбум доллар болж 2022 оныхоосоо 8.4 тэрбумаар нэмэгдсэн аж. MSC компанийн төв байр өдгөө ч Женевт байдаг бөгөөд 730 хөлөг онгоцоор жилдээ 4.8 сая чингэлэг тээвэрлэдэг байна. Санхүүгийн тайлангаа зарладаггүй хязгаарлагдмал хувьцаат компани хэдий ч хөлөг онгоцны тээвэрлэлтийн шинжээч Жон Маккоун MSC-ийг 2022 онд 28 тэрбум доллар олсон хэмээн тооцоолжээ.
Энэ жилийн “Forbes” сэтгүүлийн тэрбумтны жагсаалтад “Cloudflare” компанийн хамтран үүсгэн байгуулагч Мишэль Зэтлин, “Advanced Micro Devices” компанийн захирал Лиза Су, поп дуучин Тэйлор Свифт нар шинээр орж иржээ. Ийн өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэйчүүд дэлхийн тэрбумтнуудын 3.6 хувийг эзэлж байна. Сонирхуулахад, тус жагсаалтад орсон 96 эмэгтэй нөхөр, ах дүүсийн хамт бизнес эрхэлж өөрийн хүчээр баяжсан бол 241 нь өв залгамжлалаар тэрбумтан болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.