27 настай гүйгч Африк тивийг нэвт туулан буяны хандив цуглуулав
Анд нөхдийн мэдээ
2024-04-08
Их Британийн марафон гүйлтийн тамирчин, 27 настай Расс Күүк буяны хандив цуглуулах зорилгоор Африкийн 16 орныг дайран 352 хоногийн дотор 16 мянга гаруй км замыг гүйж туулсан тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Өмнөд Африкийн хамгийн өмнөд цэг Агульяс хошуунаас хөдөлж, Тунисын хамгийн хойд зах болох Рас Анжелад хүрчээ. Ийнхүү тэрбээр Африк тивийг өмнөөс хойш нэвт туулсан анхны гүйгч болов. Түүний гол зорилго нь Африкийн орон гэргүй хүмүүс, дүрвэгсэд гэх мэт нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулж буяны сан бүрдүүлэх явдал байсан аж. Өмнө нь Туркийн Истанбулаас Английн Лондон хот руу гүйх зэрэг хэд хэдэн сорилтуудыг даван туулж байсан Р.Күүк энэ удаагийн аяллаараа дэлхийн өнцөг булан бүрээс 600 мянган паунд цуглуулж чадсан бөгөөд цуглуулсан мөнгөө Баруун Сахарын уугуул иргэдэд зориулсан "Sandblast" байгууллагад олгохоор болсон байна. Тэрбээр аяллаа дуусгаж зорьсон газраа хүрсэн хойноо "Би жаахан ядарч байна. Гэхдээ ямар нэгэн гомдол, санал алга. Сэтгэл санаа өөдрөг сайхан байна" гээд, юун түрүүнд далайн эрэгт сууж гүзээлзгэнэтэй коктейль уумаар байгаагаа хэлсэн байна. Түүний туулсан зам амар хялбар байсангүй. Тэрбээр халуун орны ширэнгэн ой, уул нуруу, Сахарын цөл, дайн мөргөлдөөнтэй нутгийг туулж, олон аюул бэрхшээлийг даван гарчээ. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад түүнд хутга тулган дээрэмдэхийг оролдож, Анголд буу тулган мөнгө, паспорт, тоног төхөөрөмжийг нь дээрэмдсэн байна. Нигер улсад нуруу нь өвдөж хэсэг саатсан бол Алжирт визний асуудлаас болж хэсэг хугацаанд гацсан байна. Гэвч тэрбээр энэ бүхнийг ажралгүй даван туулжээ. "Амьдралынхаа хамгийн хэцүү, гэхдээ хамгийн сайхан энэ аяллаар би очсон газар болгондоо найрсаг сайхан хүмүүстэй таарч сэтгэлийн дэм авч байлаа” гэж тэрбээр “The Guardian” сонины сурвалжлагчид ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.