Вашингтон: “Баавгайн хөндий” кино дахин шагнал хүртэв
Чихэнд чимэгтэй
2024-04-01
Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар өгүүлэх “Mongolia, Valley of The Bears” буюу “Баавгайн хөндий” баримтат кино АНУ-ын Вашингтон хотноо өнгөрөгч долоо хоногт болсон байгаль орчны "DC Environmental Film Festival" кино наадмын таван шагналын нэг “William W. Warner Award” шагналыг хүртжээ. Иймд уг баримтат киноны найруулагч, Францын иргэн Хамид Сардарыг АНУ-д суугаа Монгол улсын Элчин сайд Ө.Батбаяр хүлээн авч, Монголыг сурталчлах хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлаар санал солилцжээ. Х.Сардар нь Харвардын их сургуульд санскрит, төвд хэл судлалаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд нүүдэлчдийн соёл, тэдний уламжлалт амьдрах орчныг хамгаалахад чиглэсэн AXIS-MUNDI сан болон "National Geographic Explorer" нийгэмлэгийн гишүүн юм. Монголын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг нь бүтээсэн уг кинонд Монгол орны байгаль зохисгүй ашиглалт, хулгайн анчид, мод бэлтгэгчид, уул уурхайн олборлолтын золиос болохын хажуугаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр доройтож, зэрлэг амьтад дайжин, устаж үгүй болоход хүрч буйг бодитоор өгүүлсэн билээ. “Баавгайн хөндий” кино олон улсын нэр хүндтэй наадмуудаас 20 гаруй шагнал хүртээд байгаа юм. "DC Environmental Film Festival" кино наадам 1993 оноос хойш жил бүр болж буй бөгөөд шагнал хүртэгсдэд цаашид кино бүтээхэд нь дэмжлэг болгож нийт 45 мянган долларын тэтгэлэг олгодог уламжлалтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.