images

"Оскар"-ын шагналт жүжигчин Мишэль Ёо Монголд ирнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-29


   "Оскар"-ын шагналт жүжигчин, НҮБ-ын элч Мишэль Ёо Монголд ирэхээр болжээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элчээр ажилладаг түүний нөхөр Жан Тодт лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Жан Тодт болон Мишэль Ёо нартай уулзаж, Монголд айлчлахыг урьсан билээ. Тэгвэл Ж.Тодт НҮБ-ын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын аяныг Монгол улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм.  Тэрбээр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгаагаа хэлжээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд хандан Монгол улсын Засгийн газраас автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын эрхзүйн тогтолцоог шинэчлэхэд хөрөнгө оруулалт татах, олон улсын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлсэн бол Ж.Тодт Монгол улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.

   1962 онд Малайзад төрсөн, хятад гаралтай М.Ёо 20 настайдаа Малайзын гоо бүсгүйгээр шалгарснаар кино урлагт хөл тавьсан бөгөөд 90-ээд онд АНУ-д суурьшиж, Холливүүдийн олон арван кинонд дүр бүтээсэн юм. 2022 онд түүний тоглосон "Everything Everywhere All at Once" кино "Оскар"-ын долоон шагнал хүртэж түүхэн амжилт тогтоосон бол өөрөө "Шилдэг эмэгтэй жүжигчин" болж, энэ шагналыг хүртсэн анхны ази эмэгтэй болсон билээ. Мөн ондоо М.Ёо "Time" сэтгүүлийн шалгаруулсан Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарсан юм. Тэрбээр 2016 оноос хойш НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Сайн санааны элчээр ажиллаж байна.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.