images

Сонгууль: Гадаадад байгаа монголчууд дөрвөн өдөр санал өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа монголчуудаас санал авах өдрийг ирэх зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд байхаар тогтоосон билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам болон Улсын бүртгэлийн газар гадаад дахь монголчуудаас санал авах бэлтгэл ажлыг хамтран эхлүүлээд байна. Манай улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газар, Монгол улсын төлөөлөгчийн газар санал авах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Харин гадаад дахь монголчууд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газарт зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах ажээ. Улмаар зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн улсынхаа 7-22 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөх юм. Ингээд салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургаадугаар сарын 28-ны өдрийн 22 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулах юм. Сонирхуулахад, манай улс гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг хамгийн анх 2012 оны ээлжит сонгуулиар авсан билээ. Үүнээс хойш Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017, 2021 оны ээлжит сонгууль гээд нийт дөрвөн удаагийн сонгуульд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үндэсний статистикийн хорооны хүн амын тооллогын дүнгээр 2010 онд Монгол улсаас гадаадад 107140 иргэн амьдарч байсны 81 хувь нь сонгуулийн насны иргэн байсан бол 2020 оны дүнгээр 122301 иргэний 82 хувь нь сонгуулийн насны иргэд байгаа ажээ. 

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин.

 


 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.