images

Ирэх сараас тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-21


   Нийгмийн даатгалын сангаас олгож буй цэргийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын 1-ний өдрөөс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Манай улсад ийм төрлийн 499.2 мянган тэтгэвэр авагч буй. Мөн дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянга байгааг 785.6 мянган төгрөгт хүргэж 14.6 хувиар нэмэгдүүллээ. Түүнчлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 100 мянгаар нэмэгдүүлж 650 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг мөн адил  540 мянган төгрөг болгож нэмэгдүүлжээ. Манай улсад дундаж тэтгэврийн хэмжээ 2019 онд 372.5 мянган төгрөг байсан юм. Дашрамд дурдахад, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, тусгай хэрэгцээт иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд нийт 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ийм хэмжээгээр мөнгөн тэтгэмж олгодог юм. Энэ тэтгэмжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагддаг. Энэхүү тэтгэмжийг ч өчигдрийн хуралдаанаар 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 375 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлж 302.5 мянган төгрөг болгов. Үүнд 67.4 мянган хүн хамаарна.  Монгол улсын Засгийн газар 2024 оны төсөвт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд зориулж 60.9 тэрбумыг баталсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.