ОБЕГ-ын гал сөнөөгчдийг Өмнөд Солонгост сургаж байна
Чихэнд чимэгтэй
2024-03-18
Өмнөд Солонгосын Засгийн газар манай улсын Онцгой байдлын ерөнхий газарт техник, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж, эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээ, алба хаагчдыг харилцан туршлага солилцох, сургалтад хамруулах зэргээр тусламж үзүүлж, хамтарч ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 12-21-ний өдрүүдэд тус улсын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж буй олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалтад манай улсын алба хаагчид оролцож байна. Сургалтад төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот болон утаат орчин дахь эрэн хайх, аврах ажиллагаа, гал сөнөөгчдийн ажиллах менежмент зэргээр туршлага судалж байгаа юм.
Өмнөд Солонгосын “Good Neighbors International” ТББ-аас өнгөрсөн оны гуравдугаар сард манай улсын онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн хоёр автомашин болон гал түймэртэй тэмцэх зориулалтын хувийн хамгаалах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байв. Мөн өнгөрсөн оны зургадугаар сард тус улсын "Чанчуван" болон "Эл" эмнэлэгт манай алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд 40 хүртэл хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэхээр болсон бол энэ оны нэгдүгээр сараас “Mirae Medical Center”, “KMI Анагаах ухааны судалгааны төв”, “Ча" нэгдсэн эмнэлэг, “Gangnam Severance Hospital”, "Samsung Medical Center” зэрэг эмнэлгүүдэд дээрх хүмүүс 5-25 хувийн хямдралтай үйлчлүүлж, визний бичиг баримт бэлдэх, виз олгох, орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй авахаар болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.